consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-12-12 | МОНГОЛЫН СОЁЛ, УРЛАГИЙН ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ БНСУ-Д СУРТАЛЧИЛАВ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулав. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монголын сонгодог урлагийн дээжээс БНСУ-д анх удаа өргөн барьж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг тоглолт хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг зузаатгах, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, ялангуяа Монголын соёл, урлагийн өнөөгийн хөгжлийг гадаадад сурталчилан таниулахад зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа онцлов. Мөн нээлтийг арга хэмжээнд оролцсон БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү хэлсэн үгэндээ Солонгос, Монгол хоёр орон ах дүүгийн харилцаатай, өнө эртнээс түүх, соёлын ойр дотно хэлхээ холбоотой улсууд болохыг тэмдэглэж, 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм соёл зэрэг бүхий л салбарт харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр орны иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж, бие биенийхээ соёл, зан заншил, хоолны соёлоос суралцан илүү ойр дотно болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэлээ.