consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-12-14 | ЭЛЧИН САЙД Л.ГАЛБАДРАХ БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ТОНГСИН ТАММАВОНГОД БАРААЛХАВ

БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонгсин Таммавонг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Галбадрахыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Л.Галбадрах хоёр талын өнө эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилав.

БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонгсин Таммавонг дэлхий улс төр, эдийн засгийн нөхцөл байдал түргэн хувьсан өөрчлөгдөж ирсэн ч манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан итгэмжилсэн, ойр дотно уламжлалыг бататган харилцан туслалцаж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, Монголын засгийн газрын тусламжаар Сиенгкуанг мужид байгуулсан хүн эмнэлэг, хонь үржүүлэх аж ахуй өнөөдөр ч гэсэн лаосын ард түмэнд ашиг тусаа өгч, нутгийн ард иргэд талархалтай байдгийг дурдаад цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэх үүднээс шинэ нөхцөл, онцлогт зохицуулан дээрх аж ахуйн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар хэрхэн хамтарч ажиллах арга зам, боломж бололцоог эрэлхийлж ажиллахыг санал болгов. Мөн тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарын туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа цохон тэмдэглэлээ.

Элчин сайд Л.Галбадрах хоёр талын харилцааны асуудлаар ноён Ерөнхий сайдаас үнэтэй чиглэл, зөвлөмж өгсөнд талархал илэрхийлж, хэдийгээр хоёр орон алслагдмал, зам тээврийн бэрхшээл байгаа боловч үүнийг хоёр талын хамтын зүтгэлээр даван гарах бололцоо буйг тэмдэглээд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөж, хүрээг тэлэх, худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад өөрийн бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа дурдаж, 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад БНАЛАУ-аас дээд хэмжээнд төлөөлөгч оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Тонгсин Таммавонг АСЕМ-ын гишүүн орны хувьд урилгыг хүлээн авч үүргийнхээ дагуу оролцохоо нотлов.