consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2016-05-05 | МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Гадаад хэргийн яаманд болсон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран даргалав.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Хятадын засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНХАУ-д зохион байгуулж байх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрэв.

2016 оны тавдугаар сарын 05. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол улсад айлчилж, Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцож байна.

Мөн “Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны протокол”, Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх солилцох захидал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор төслийн судалгааг эхлүүлэх солилцох захидал”, “Ази, Европын дээд хэмжээний уулзалтын эд материалын төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн акт”, “Замын-Үүд – Эрээн боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөө”, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр” зэрэг хамтын ажиллагааны бичиг баримт байгууллаа.

БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааныг хамтран даргалахын сацуу ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай уулзана.