consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2016-05-11 | МОНГОЛ, НИДЕРЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, нидерландын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Питер Потмэн нар ахлан явуулж, Монгол, Нидерландын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийж, олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны тухай харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцохын зэрэгцээ хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар зөвлөлдөв. Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг хоёр улсын хуримтлуулсан нөөц боломжид тулгуурлан хөдөө аж ахуйн чиглэлд идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тогтов.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч, боловсрол, соёл зэрэг боломжтой бүхий л салбарт хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж, тодорхой саналууд дээр хамтран ажиллахаар тохиролцов.

Нидерландын Вант Улс нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэн Баруун Европын орнуудын нэг бөгөөд 1990-2011 онуудад хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлд олон төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг тод илрэл нь Монголд төдийгүй дэлхий даяар устах аюулд өртөөд байсан зэрлэг тахийг Хустайн байгалийн цогцолборт газарт нутагшуулсан төсөл юм. Ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо.