consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2016-05-13 | ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам Элчин сайд С.Цоггэрэлийг хүлээн авч уулзав. Элчин сайд С.Цоггэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны тэргүүн дарга, САА-ийн дээд командлагч Эрхэмсэг ноён Ким Жөн Ын болон АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Эрхэмсэг ноён Ким Ен Нам нарт уламжлав.

“Улаанбаатарын яриа хэлцээ”-ний хүрээнд зохион байгуулсан манай талын санал санаачилгыг БНАСАУ дэмжиж байдагт талархал илэрхийлж, цаашид энэхүү яриа хэлэлцээний хүрээнд солонгосын талтай нягт хамтран ажиллах болно гээд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л талаар идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам Элчин сайд С.Цоггэрэлд үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид дэвшүүлж буй чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж өгөхийг хүсэв. БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлж, манай хоёр орон, ард түмний хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгт хувь нэмрээ оруулах Эрхэм ноён Элчин сайдын үйл хэрэгт амжилт хүсэв.