consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2016-05-17 | ГАДААД ХЭРГИЙН ЯАМДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БАНГКОКТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, тайландын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Витавас Сривихок нар тус тус тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Талууд Монгол, Тайландын найрсаг харилцаа хэвийн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд тогтмол хийгдэж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, 2014 онд Бангкокт болсон ГХЯ-дын анхдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсон зүйлс ажил хэрэг болж байгаа сайшаан тэмдэглэв.

IMG_3259Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, АСЕМ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалтуудад тайландын тал төлөөлөгчдөө оролцуулж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

Тайландын Эрхэмсэг Гүнжийн ивээл дор монголын хөдөөгийн сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн хоол” төсөл хүрээгээ тэлэн амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, Тайландын олон улсын хамтын ажиллагааны байгууллага –ТАЙКА-гийн хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдад зориулсан тусгай сургалтуудыг 2014, 2015 онд зохион байгуулсанд талархал илэрхийлж, энэхүү сургалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх санал тавив. Мөн ТАЙКА-гийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн сургалтын төв байгуулан ажиллуулж, залуучуудад мэргэжил эзэмшүүлэх, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжийг судлан үзэхийг тайландын талд санал болгов.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиров. Тайландын тал Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дарга орны хувьд Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Монголд байгуулах санаачилгыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.