consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2017-05-25 | МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан асуудал дэд сайд Мартин Смолек нар тус тус тэргүүлж оролцсон бөгөөд хоёр талын консулын харилцааг хөгжүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын нийгмийн даатгал, визийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын дүнгээр чехийн тал удахгүй Улаанбаатар хотноо виз мэдүүлэх төвийг нээхээ мэдэгдэж, ингэснээр БНЧУ болон Шенгений бүсийн зарим оронд богино хугацаагаар зорчих виз мэдүүлэх ажиллагаа хялбаршина гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр тал нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг тохиролцож, гарын үсэг зурах дотоодын процедураа ойрын хугацаанд эхлүүлэхээр болов. Тус хэлэлцээрийг байгуулснаар БНЧУ-д хөдөлмөр эрхлэж байгаа манай улсын иргэд гадаадад ажилласан хугацааныхаа тэтгэврийг бүрэн тогтоолгох боломжтой болох юм.

Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт хоёр орны харилцааг өргөжүүлэх, консул болон иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тусгайлсан зөвлөлдөх механизм бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.