consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2015-09-30 | Мөнх бусын үзүүлсэн ч амьд Итгэлт хамбын нууц

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлсан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий.

Бандид Дашдорж Итгэлт хамба 1852 онд Улзын довд төржээ. Тэрээр агуу гэгээрүүлэгч, анагаагч бөгөөд буддын шашны 50 агруй бүтээл, ном туурвижээ. Тэр хоосон чанарт чаж шилжих тухай тайлбарлаж, ер бусын увидас хэрхэн эзэмшихийг бичиж үлдээсэн аж. Тэрээр бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа миний биеийг шалгаарай хэмээн захисан нь өөрийн хүч чадал болоод амьд шүтээн болж үлдэхээ мэдэж байсныг гэрчилж байгаа юм. Хамба лам 1927 оны зургаадугаар сарын 15-нд бясалгал үйлдэн, лянхуа суудлаар завлин сууж, өөрийн хойтохыг уншсаар нирваан дүрийг үзүүлсэн байна. Бямба Доржиев багшийнхаа багшийнхаа гэрээсэлсний дагуу анх 1955 онд шарилыг нь хөндөхөд бие нь огт өөрчлөгдөөгүй маш сайхан үнэх анхилж байсан гэнэ. Тэд хувцасыг нь сольж бунханд нь буцаан залсан байна. Дараа нь 1973 онд шалган 2002 оны есдүгээр сард түүнийг газрын хөрснөөс гаргаж ирэхэд түүний бие огтхон ч муудаж ялзраагүйн дээр арьс нь зөөлөн, чийглэг байжээ. Тэр ч бүү хэл түүнийг агуулж байсан мод бусад эд зүйлс ч муудаж, зэвхийрээгүй төдийгүй сайхан үнэр анхилж байсан гэдэг. Түүнийг “Иволгийн дацан”-д авчирсан бөгөөд одоог хүртэл мөргөлчдийн цуваа тасардаггүй аж.

Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гайхалтай олон яриа сонссогддогийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биелсэн гэдэг.

Буриадад анх удаа ирж байгаа гадаадын бөгөөд оросын жуулчид оросын буддийн шажны төв “Иволгийн дацан”-д зочлон Итгэлт Хамбад мөргөх цуваа жилийн дөрвөн улиралд тасардаггүй талаар нутгийн оршин суугчид ярьж байлаа. Тиймээс энэхүү хийдийн хашаанд орон нутгийн иргэд жуулчдад зориулсан шашны болон бэлэг дурсгалын худалдаагаар үйлчилдэг юм билээ.