consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-09-14 | ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД С.Е. ДОНСКОЙТОЙ УУЛЗАВ

ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд ЗГХК-ын оросын хэсгийн дарга С.Е. Донской-той Москва хотноо уулзав. Уулзалтын үеэр эдийн засгийн олон чухал асуудал, түүний дотор хоёр улсын ЗГХК-ын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, ирэх 11 дүгээр сард ОХУ-д болох Комиссын ээлжит 19 дүгээр хуралдааны бэлтгэл ажлыг хангах талаар нухацтай ярилцав. Уг Комиссын хуралдааны өмнө холбогдох дэд комиссуудын хурлыг зохион байгуулах,Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед байгуулах, Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд төмөр замын хамтын ажиллагааг урагшлуулах, Монгол-ЕврАзийн эдийн засгийн комиссын хамтын ажиллагааг Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу худалдааны нөхцлийг сайжруулах яриа хэлцээг үргэлжлүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцов.

Хоёр орны худалдааны хэмжээ сүүлийн үед төдийлөн өсөхгүй байгаа, түүний дотор Монголын экспортын хэмжээ тун бага байгаа байдлыг засах шаардлагатай талууд ярилцаж, энэ хүрээнд Монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх асуудлыг ярилцаж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг шуурхай шийдэх нь чухал гэж талууд үзэв.