ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ЖУЗЕППЕ КРОЧЕТТИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсыг хариуцсан захирал Жузеппе Крочетти болон тус байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм нарыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ОУШХБ-аас Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, хилийн чанадад байгаа монгол иргэдийн талаарх судалгаа хийх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах, эх нутагтаа өөрийн хүсэлтээр эргэн ирэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс, ОУШХБ хоорондын хамтын ажиллагаа болон цаашид тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.