Консулын талаарх ерөнхий ойлголт
“Consul” (consulere) - зөвлөх гэсэн утгатай латин үгнээс гаралтай
- Консулын байгууллага, үйл ажиллагааны анхны хэлбэр эртний Грек “Проксен”, Ромд “Патрон” үүссэн.
- Олон улсын худалдаа, далайн тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой.
- Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.
Консулын патент / Consular Commission
Консулын газрын тэргүүний албан тушаалд тухайн этгээд томилогдож байгааг баталсан баримт бичиг юм.
Экзекватур / Exequatur
Хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
Консулын тойрог / Consular District
Консулын үүргээ гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон бүс нутгийг хэлнэ.
Консулын албаны тухай
Консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.
XIX зууны сүүл үеэс Сибирт төмөр зам тавигдан Хаант Оростой худалдаа хийх явдал өргөжиж, Оросын худалдаачид Монголд ирэх болсон үеэс консулын харилцаа үүсэн бий болох нөхцөл бүрдсэн гэж үздэг бөгөөд 1860 онд Өргөө хотод Оросын Консулын газар нээгдсэн бол 1870-80 онд Ховд, Улиастай, Шивээ Хиагт (Алтанбулаг)-д Консулын газар мөн байгуулагдаж байжээ.
БНМАУ-ын консулын дүрмийг 1929 оны 1-р сарын 29-нд Улсын Бага Хурлаар баталж, Монголын консулын албаны эрх үүрэг, зохион байгуулалт, бүтцийг тодорхойлсон боловч 1950 оны 6 дугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 52, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 38/67-р тогтоолоор ГХЯ-нд бие даасан Консулын хэлтсийг анх байгуулснаар орчин цагийн Монгол Улсын Консулын алба бэхжин хөгжиж эхэлсэн түүхтэй. Консулын дүрмийг хожим 1958, 1978, 2002 онд тус тус шинэчилсэн.