Монгол Улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана
БНСУ-ын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас шалтгаалан гадаад улсаас ажиллах хүч оруулах үйл ажиллагаа тасалдаж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарт ажиллах хүчний хомстол гарсантай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-наас 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад ажил эрхлэх гэрээт хугацаа нь дуусч буй /3 жил болон 4 жил 10 сар/ Е-9, Н-2 ангиллын виз бүхий гадаад улсын иргэдийн оршин суух хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгахаар шийдвэрлэжээ. Мөн дээрх хугацаанд хөдөлмөрийн гэрээний визний хугацаа дуусч 50 хоногоор сунгуулаад байгаа иргэд нэгэн адил хамаарагдах юм байна.
Виз сунгах ажиллагааг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх бөгөөд зөвхөн ажил олгогч нь гэрээний хугацааг сунгах тухай бүртгэл хийлгэх юм байна. Энэхүү арга хэмжээнд хамрагдах хөдөлмөрийн гэрээний Е-9 виз бүхий гадаадын 62,239 иргэн түүний дотор Монгол Улсын 849 иргэн байна.
БНСУ 2019 онд 51,365 гадаад ажиллах хүч оруулж байсан бол коронавируст халдвар гарснаас хойш энэ үзүүлэлт огцом буурч, 2020 онд 6,668, 2021 оны байдлаар 1,412 ажилчинг тус тус оруулжээ.