ОХУ ДАХЬ МОНГОЛ КОНСУЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас “ОХУ дахь Монгол консулуудын Зөвлөлдөх уулзалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав. Уг уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, ОХУ дахь Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суугаа Өргөмжит консул Е.Кузьмин, Монгол Улсын Соёлын Элч И.Селезнёв нар оролцов.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёлын салбар дахь харилцаа, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, суугаа улсад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэгдсэн консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвээр ярилцаж, мэдээлэл солилцов.

ОХУ-д суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс бэлэглэсэн Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол, Орос дахь Рерихийн гэр бүлийн өв” дугүй ширээний ярилцлагад цахим хэлбэрээр оролцов.