БНСУ-ЫН ХИЛЭЭР ГАРАХ ОРШИН СУУХ ХУГАЦААГ СУНГАХ ЗӨВШӨӨРӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ТУХАЙ
Сүүлийн үед Коронавирусын тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 11-ний /Лхагва гараг/ өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт орсон байна. Үүнд:
1. Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:
Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:
- Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд,
- Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд,
Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:
- Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд
- Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг,
- Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/,
- Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/
Бүртгэл хийх арга:
hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.
2. Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.