НОРДИКИЙН ОРНУУДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсаас Нордикийн орнууд болон Эстони Улсад суугаа Өргөмжит консулуудын 5 дахь удаагийн уулзалтыг Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Шьетил Крэйн, Данийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Майкл Хаслунд, Финланд Улсад суугаа Өргөмжит консул Хенрик Яанкес болон Эстони Улсад суугаа Өргөмжит консул Лийси Каринди нар оролцов.  

Уулзалтын үеэр Элчин сайдын яамнаас Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүд болон гадаад харилцааны талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улсын консулын үйлчилгээ, Монгол Улсын цахим визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цахим визийн олголтод гарч буй зарим асуудлыг зохицуулах талаар ярилцав. Цаашид Өргөмжит консулуудтай хамтран Нордикийн орнуудад динозаврын явуулын цомхон үзэсгэлэн гаргах боломжийг судлах, Хөвсгөл далайг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх арга хэмжээг дэмжих, монгол бүтээгдэхүүнийг Нордикийн зах зээлд таниулах арга хэмжээ зохион байгуулах, соёл, боловсролын харилцааг идэвхжүүлэх, 2023-2024 онуудад тохиох хоёр талын дипломат харилцааны тэгш ойгоо соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.  Уулзалтын дараа Өргөмжит Консулууд Стокхолм хотын Угсаатны зүйн музей дэх Монголын соёлын өвийн эд зүйлсийн үзмэртэй тусгайлан танилцаж сонирхов.