“ШЕНГЕНИЙ ВИЗ”-ИЙН ТУХАЙ

Шенгений бүс нутаг гэдэг нь Европын 26 орон болох Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португаль, Словак, Словени, Испани, Швед зэрэг Европын Холбооны гишүүн улс болон Исланд, Норвег, Швейцарь, Лихтенштейн зэрэг улсууд байх бөгөөд дээрх бүс нутгийн иргэд харилцан визийн шаардлагаас чөлөөлөгддөг, чөлөөтэй зорчих боломжтой бүс нутаг юм.

Гуравдагч орны иргэн нь тус бүс нутагт аялах тохиолдолд Шенгений виз авах шаардлагатай ба эдгээр улсуудад визгүй зорчих боломж бүрдэх юм.

2. “Шенгений виз”-ийг хэрхэн мэдүүлэх вэ?
Шенгений визээр Шенгений бүсийн бүх улсад зорчих эрхтэй боловч виз мэдүүлэгч нь аль улсыг зорьж буйгаас хамаарч “ХААНА, АЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЭСВЭЛ КОНСУЛЫН ГАЗАР”-т хандах талаар нарийвчилсан зохицуулалттай байдаг.

- Виз мэдүүлэгч нь Шенгений зөвхөн нэг улс руу зорчих тохиолдолд тухайн улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт хандана.
- Виз мэдүүлэгч нь Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих, аялах тохиолдолд аль улсад нь хамгийн олон хоног байх буюу аяллын үндсэн зорилго болох улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.
- Хэрэв аяллын үндсэн зорилго болох улс нь тодорхойгүй, мөн түүнчлэн Шенгений хэд хэдэн улсаар дамжин зорчих тохиолдолд Шенгений бүсээр хамгийн эхэнд нэвтрэх улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.

- Шенгений улс орнууд богино хугацааны буюу 90 хүртэлх хоногийн визийг олгох харилцан тохиролцоотой байдаг бөгөөд зорчих улсаасаа хамаарч Монгол Улсад суугаа дараах Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлэх боломжтой. Үүнд:

1. ХБНГУ-ын ЭСЯ. /VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан: Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Исланд, Латви, Люксембург, Мальта, Португал, Словени, Испани зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
2. Бүгд Найрамдам Чех Улсын ЭСЯ. /VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан: Чех, Эстони, Литва, Польш, Словак, Швейцарь зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
3. Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Франц, Нидерланд байх тохиолдолд/
4. Унгар Улсын ЭСЯ /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Унгар улс байх тохиолдолд/
5. Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ. /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Итали улс байх тохиолдолд/
Харин Австри болон Швед, Норвег улс УБ дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн мэдүүлгийг хүлээн авдаг ба Бээжин дэх ЭСЯ нь визийн асуудлыг шийдвэрлэдэг. 

Дээрх элчин сайдын яамдын цахим хуудас:
- Чех Улсын элчин сайдын яам: www.mzv.cz 
- Франц Улсын элчин сайдын яам: www.mn.ambafrance.org 
- Герман Улсын элчин сайдын яам: www.ulan-bator.diplo.de 
- Унгар Улсын элчин сайдын яам: www.ulanbator.mfa.gov.hu 
- Итали Улсын элчин сайдын яам: www.ambulaanbaatar.esteri.it
- Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвийн талаарх мэдээлэл: https://consul.mn/visa/c/33

3. Шенгений визтэй холбоотой анхаарах зүйлс
- Шенгений виз нь хагас жилд /180 хоногт/ ихдээ 90 хоног байх боломжтой богино хугацааны виз бөгөөд хэрэв урт хугацаагаар буюу 90-ээс дээш хоног оршин суух тохиолдолд Шенгений виз бус тухайн улсын үндэсний виз мэдүүлэх шаардлагатай.
- Байх хугацаа (Duration of stay)– Шенгений орнуудад байж болох хугацаа бөгөөд /Шенгений бүсийн хил давсан үеэс эхлэн визний хүчинтэй хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ/ аль нэг улс руу орсон өдрөөс эхлэн өдөр тоологдож эхэлнэ.
- Визийн хүчинтэй хугацаа (Visa Validity) – визийн заасан тодорхой  хүчинтэй хугацаанд буюу визээ ашиглаж хил нэвтрэх боломжтой хамгийн сүүлийн хугацааг заана. Байх хугацаа хэдэн хоногоос үл шалтгаалан визийн хүчинтэй хугацаанд л тус бүс нутагт байх боломжтой юм. (Жишээ нь: 2018.01.01-нээс 2018.01.20-ны өдрийг хүртэл хүчинтэй, 10 хоног байх хугацаатай виз олгогдсон тохиолдолд хүчинтэй хугацаандаа 10 хоног л байх ёстой. Хэрэв 2018.01.15-ны өдөр хилээр нэвтэрсэн бол байх хугацаанаас үл шалтгаалан хүчинтэй хугацаандаа буюу 2018.01.20-ны дотор гарсан байх шаардлагатай)
- Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд,  цаашдын шенгений виз мэдүүлгийн хариу 1-2 сараар сунгагдах, виз гарахгүй байх магадлал өндөр болох бөгөөд урт хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд  2-5 жилийн хилийн хориг тавигдах цаашлаад хорих хүртэл ял оногдуулах эрсдэлтэй.
-  Визний хураамж нь банкны ханш болон ямар төрлийн виз мэдүүлж байгаагаас шалтгаалан өөр өөр байх тул нягтлан харах нь зүйтэй. 6-аас доош насны хүүхэд Шенгений визийн хураамжаас чөлөөлөгддөг.
- Шенгений визтэй хүн Шенгений орнуудад хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.

Татгалзсан хариу авсан тохиолдолд
Виз олгохоос татгалзсан тохиолдолд тайлбар болон хариуг ЭСЯ-аас бичгээр өгдөг. Энэ тохиолдолд дахин хэдийд ч бичиг баримтаа бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой. 

Шенгений виз нь хилээр нэвтрэх баталгаа биш.
Шенгений бүсийн  хилээр нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг зөвхөн хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Хилээр нэвтрэх үед танаас хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна санхүүгийн чадамжийг нотлох баримт, байх газар, аяллын зорилго, эрүүл мэндийн даатгал болон бусад баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийнхээ (урилга, зочид буудлын захиалга, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) хувийг биедээ заавал авч явахыг анхаарна уу.  

ШЕНГЕНИЙ ГИШҮҮН УЛС
1. Австри
2. Бельги
3. Чех
4. Дани
5. Эстони
6. Финланд
7. Франц
8. Герман
9. Грек
10. Унгар
11. Исланд
12. Итали
13. Латви
14. Лихтенштейн
15. Литва
16. Люксембург
17. Мальт
18. Голланд
19. Норвег
20. Польш
21. Португал
22. Словак
23. Словени
24. Испани
25. Швед
26. Швейцар