ЕВРОПЫН УЛСУУДАД АЖИЛД ЗУУЧИЛНА ГЭХ ЗАРЫН ТАЛААР СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Олон нийтийн цахим сүлжээгээр /Фэйсбүүк/ болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “хямд зардлаар аялуулна” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна. Тухайлбал, Серби Улсад ажилд зуучилна гэх зарын дагуу бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.
Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсад тухайн улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг болохыг сануулж байна.