БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Солонгос Улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог бууруулах, тус улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор тус улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой аян, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн дийлэнх нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин хил нэвтэрсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нисэх онгоцны буудал дахь ГИХГ-аас хяналтаа чангатгаж, хилийн шалган нэвтрүүлэх газрын шалгалтын үйл ажиллагааг өндөржүүлэн ажиллаж байна.
Шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан аяллын зорилго нь тодорхой бус, мөн аяллын визээр өмнө нь орж ирээд визийн хугацаандаа гарсан ч 60-90 хоногийн хугацаанд тус улсад дахин орж ирэх үед нь ажил хийсэн эсэхийг шалгах зорилгоор гадаадын иргэдийг мэдүүлэг авах өрөөнд оруулж, нарийвчилсан байдлаар аяллын зорилгыг тогтоох ажлуудыг хийж байна.
 
БНСУ-д зорчиж буй гадаадын иргэн нь шалган нэвтрүүлэх албаны байцаагчийн асууж буй асуулт, ярилцлагад орохдоо аяллын зорилгоо тодорхой мэдэж байх ёстой бөгөөд буцах онгоцны тасалбар, байрлах газрын талаарх бүрэн мэдээлэлтэй байх /өөрийн улсад тодорхой ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолтоо үзүүлэх нь чухал/ зэрэг материалыг үзүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд шалган нэвтрүүлэх газрын ажилтнууд хил нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа аж.
 
Харин ирсэн зорилгоо илэрхийлж чадахгүй, аяллаа төлөвлөөгүй, очих газар, зочид буудлын хаягаа мэдэхгүй байх, буцах онгоцны тасалбараа сунгаж, 80 хоногийн дараа БНСУ-аас гарсан, энэ хугацаанд хаана, ямар аялал хийснээ тайлбарлаж чадахгүй байх зэрэг нь шалган нэвтрүүлэх газрын ажилтанд итгэл үнэмшил төрүүлэхгүй бөгөөд БНСУ-д нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болж байна.
 
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсын 53,070 иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 18,953 иргэн хууль бусаар оршин сууж байна. Зөвхөн энэ оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсын 309 иргэн визийн хугацаа хэтрүүлж хууль бусаар оршин сууж байгаа тоон үзүүлэлт гарсан байна.
 
Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна. Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно.