БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХЭРЭГЛЭГДЭХ БАРИМТ БИЧИГ БАТАЛГААЖУУЛАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНХАУ нь “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” буюу “Апостиль конвенц”-д 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн холбогдох зохицуулалтыг 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс мөрдөж эхлэхээр болов. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон Макаогийн ЗЗОБ-д мөн адил хэрэгжинэ.
Ингэснээр Монгол Улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газраар баталгаажуулан, олгосон “Апостиль” гэрчилгээг БНХАУ хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломжтой. Өмнө нь БНХАУ-д хэрэглэгдэх манай улсын албан ёсны баримт бичгийг ГХЯ-ны Консулын газраар баталгаажуулсны дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар давхар баталгаажуулах шаардлагатай байсан юм.
БНХАУ-д үйлдэгдсэн албан ёсны баримт бичиг мөн адил тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газар эсвэл холбогдох орон нутгийн Ардын засгийн газраар баталгаажсан “Апостиль” гэрчилгээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөнө.