БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн үед манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба Улсын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал, манай улсын иргэд Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад ирж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан бөгөөд Куба Улсын холбогдох хуулийн дагуу гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулагдаж улмаар дараагаар албадан буцаагдсан байна. Мөн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэргээс шалтгаалан тус улсын хил дээр саатуулагдаж, албадан буцаагдсан байна.

Иймд, Куба Улс руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэгт анхаарна уу.

Мөн, Куба Улсаар дамжин АНУ руу хууль бусаар хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг хүсье.