Арабын Нэгдсэн Эмират Улсад зорчиж буй иргэдийн анхааралд (2024.02.14)
Сүүлийн үед манай улсын иргэд төрөл бүрийн үйлчилгээ авах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг тус улсын болон гуравдагч орны аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй тохиролцож, зарим үед төлбөрийн тодорхой хувийг эсхүл бүтнээр нь урьдчилж шилжүүлснээс болж хохирох тохиолдол гарч байна. Манай иргэд ихэвчлэн аман тохиролцоо хийх, хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас шалтгаалан шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулах, гэрээ байгуулж буй айлын талын байгууллага, хувь хүмүүсийг сайтар судлахгүй байх зэрэг нь хохирох шалтгаан болж байна.
Иймд, иргэд Та бүхэн АНЭУ-ын Дубай хотод тодорхой салбарын үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө танилцуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй ямар нэгэн ажил үйлчилгээний чиглэлээр тохиролцоо хийхээсээ өмнө цаад байгууллага, хувь хүн нь тухайн салбарт ажил, үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, мөн аливаа ажил, үйлчилгээг авахдаа албан ёсны гэрээ байгуулах, төлбөр тооцоогоо хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслийг ашиглаж, төлбөр хийсэн тухай баримтын эх хувийг заавал авч байхад анхаарна уу.