МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын IV зөвлөлдөх уулзалт 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Прага хотноо зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, чехийн талаас БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон монгол, чех иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн БНЧУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийн тоог 2024 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдгээр иргэдийн Чех Улсад оршин суух, дасан зохицоход дэмжлэг үзүүлэх нийгмийн баталгааг хангах асуудлыг тус тус хэлэлцсэн болно.

Өнөөдрийн байдлаар БНЧУ-д манай улсын 12666 орчим иргэн сурч, ажиллан амьдарч байна. Монгол Улс, БНЧУ-тай консулын асуудлаар тусгайлсан яриа хэлэлцээг ийнхүү тогтмол хийж байгаа нь тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

КОНСУЛЫН ГАЗАР