ЯПОН УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД (2024-08-09)
Япон Улсын Миязаки мужийн Хюүганадад төвтэй, 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт 2024 оны 8-р сарын 8-ны өдрийн 16 цаг 43 минут орчимд болсон. Уг газар хөдлөлт нь “Нанкай Трап” /Nаnkai Trough/ газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Хүчтэй газар хөдлөлтөөс сэрэмжлэх" анхааруулга гаргасан байна.
Иймд, Япон Улсад оршин суугаа иргэд Та бүхэн онцын шаардлагагүй бол тус бүс нутагт зорчихгүй байх, гамшгаас урьдчилан сэргийлэх, консулын яаралтай туслалцаа шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
Цахим шуудан: [email protected],
Консулын хэлтсийн утас: 03-3469-2088
“Хүчтэй газар хөдлөлтөөс сэрэмжлэх" анхааруулга гаргасан үед дараах арга хэмжээг авахыг Япон Улсын холбогдох байгууллагаас иргэдэд зөвлөж байна. Үүнд:
- Газар хөдлөлтийн үед хаана байгааг нь мэдсэн байх нь чухал тул гэр бүлийн гишүүдийнхээ байгаа байршлыг мэдэж байх,
- Гамшгийн үеийн цүнх /шаардлагатай зүйлсийг хийсэн байх/, хамгаалалтын малгай зэргийг гэрийн үүд зэрэг гадагш авч гарахад хялбар газар бэлтгэж тавих /цүнхэнд хийсэн хүнсний зүйлсийн хүчинтэй хугацааг шалгах, унтах үедээ өмсөх гутлаа орныхоо дэргэд орхих/,
- Тавилгаа хананд болон шаланд бөхлөх /5 баллаас дээш газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/,
- Цунами болсон тохиолдолд хаашаа явах замыг гэр бүлийнхэнтэйгээ урьдчилан тохирох,
- Цахилгаан шат хэрэглэхээс зайлсхийх, 2-3 давхарт байдаг бол шатаар бууж байх зэрэг болно.