БНСУ-Д ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд БНСУ-д оршин суух зөвшөөрөлтэй (гадаад иргэний үнэмлэх) гадаадын иргэд БНСУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарахдаа дахин буцаж орж ирэх (Re-Entry Permit) зөвшөөрөл авч байгаа билээ.

Тус улсын Засгийн газар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд Солонгосын хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн байна.   

Солонгосын хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авах гадаадын иргэд тус улсын хилээр гарахаасаа өмнө https://www.hikorea.go.kr/ цахим хаягаар хүсэлтээ илгээх эсхүл Гадаадын иргэн харьяатын газарт (Immigration office) өөрийн биеэр очиж, зөвшөөрлөө урьдчилан авахыг зөвлөж байна. Ийнхүү зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд оршин суух зөвшөөрөл дуусгавар болохыг анхаарна уу.

Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авах иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
"Ковид-19" халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд:
-Гадаад паспорт, оршин суух үнэмлэх (гадаад иргэний үнэмлэх),
- "Ковид-19" халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ,
- Хилээр дахин нэвтрэхэд мөрдөх санамж, зөвшөөрлийн бичиг (үнэн зөв бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх)

"Ковид-19"-ын халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд:
-Гадаад паспорт, оршин суух үнэмлэх (гадаад иргэний үнэмлэх),
- Хилээр дахин нэвтрэх мэдүүлэг,
- Хилээр дахин нэвтрэхэд мөрдөх санамж, зөвшөөрлийн бичиг (үнэн зөв бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх)
-30,000 воны хураамж 

Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авсан гадаадын иргэд (0-6 насны хүүхдээс бусад) БНСУ руу зорчихдоо 72 цагийн дотор өгсөн ПГУ шинжилгээний "сөрөг" хариутай байх шаардлагатай бөгөөд ПГУ шинжилгээ өгөөгүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.

Дипломат (А-1), албан (А-2), Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зорчих (А-3) визтэй болон Солонгос гаралтай гадаадын иргэний (F-4) визтэй иргэд дээрх зөвшөөрлийг авахгүй.