ОХУ-Д УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Оросын Холбооны Улсын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд зорчих гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй боллоо. /Үүнд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамаарахгүй./

·Хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор 90 хоногоос дээш хугацаанд зорчих иргэд ОХУ-ын хилээр орсноос хойш 90 хоногийн дотор,

·Хөдөлмөр эрхлэх зорилгоор 90 хоногоос дээш хугацаанд зорчих иргэд ОХУ-ын хилээр орсноос хойш 30 хоногийн дотор эсвэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл (патент) авахдаа бүртгүүлнэ.

·Дээрх иргэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ болон халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусийн шинжилгээг нэр заасан эмнэлгийн байгууллагуудад өгнө.

Гадаадын иргэд оршин суух харьяа дүүргийнхээ ОХУ-ын ДХЯ-ны Шилжилт хөдөлгөөний газарт, эсвэл ОХУ-ын ДХЯ-ны орон нутаг дахь “Виз, паспортын үйлчилгээний төв”-д хандаж цээж зураг, хурууны хээний бүртгэлийг үнэ төлбөргүйгээр нэг удаа хийлгэх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

Нэг. Оршин суух бүртгэл хийлгэх:

1. гадаад паспорт (эх хувь),
2. паспортын хуулбар баталгаат орчуулгын хамт,
3. эрүүл мэндийн тодорхойлолт эх хувь, хуулбар.

Хоёр. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхойлолт авах:

1. гадаад паспорт (эх хувь),
2. паспортын хуулбар баталгаат орчуулгын хамт,
3. шилжилт хөдөлгөөний карт (миграционная карта) хуулбарын хамт,
4. ОХУ-д оршин суух хаягийн бүртгэл эх хувь, хуулбар,
5. визийн хуулбар.

Хуульд заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй, бүртгүүлэхээс зайлсхийсэн, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй иргэдийн оршин суух зөвшөөрлийг цуцлах, албадан гаргах арга хэмжээ авахаар хуульчилсныг иргэд Та бүхэн анхаарна уу.