ЯПОН УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Япон Улс гадаадын 164 улсын иргэдэд тавиад байсан хилийн хязгаарлалтаа сулруулж, аялал жуулчлалын зорилгоос бусад зорилгоор тус улс руу зорчих гадаадын 106 улсын /үүний дотор Монгол Улс/ иргэдийг 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхлэв. Тус улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдээс хилийн боомтод коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээ авах бөгөөд гадаадын иргэдийн хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ. Үүнд:  

•“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан гадаадын иргэний хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

•“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг гадаадын иргэн өөрөө хариуцна. Тусгаарлалтын 3 дахь өдөр гадаадын иргэн өөрийн хүсэлтээр дахин шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой.