Иргэдэд туслах сан
"ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН"-гаас Монгол Улсын иргэнд дараах тохиолдолд тусламж, зардал олгоно:
1. хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
2. хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
3. хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд нутаг буцаах;
4. гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
5. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэнд үндэсний гадаад паспорт буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
6. хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
7. хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх;
8. гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан монголын талын төв байгууллагаас гадаад улсад хүргүүлэх эрх зүйн туслалцааны хүсэлт болон холбогдох баримт бичгийг гадаад хэл үрүү орчуулах төлбөрийг гаргах.
“ИРГЭДЭД ТУСЛАХ САН”-нд өргөдөл гаргах
Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн иргэдэд туслах санд хандах боломжтой. Үүнд:
1. Сангийн хөрөнгөөс тусламж хүссэн Монгол Улсын иргэн өргөдлөө холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт эсвэл ГХЯ-ны Консулын газарт гаргана.
2. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
- Үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг иргэний харьяаллыг тодорхойлох баримт бичиг, эсхүл тэдгээрийн хуулбар;
- Тусламж үзүүлэх шаардлагатай болохыг нотлох суугаа орны цагдаа, шүүх эмнэлэг, эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллага, иргэний тодорхойлолт, мэдүүлгийн эх хувь, эсхүл хуулбар;
- Төлбөр, зардлын холбогдолтой баримт;
- Төлбөрийн чадваргүйг нотлох өрхийн ам бүл, орлогын хэмжээний талаар харьяалах баг, хороо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас уламжлан авсан тодорхойлолт зэрэг болно.
Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “"ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ"-ийг шинэчлэн баталсан.
Дэлгэрэнгүй: https://www.legalinfo.mn/annex/details/8533?lawid=13508
- ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН /2019/
- ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН /2020/
- ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН /2021/