Дипломат, албан паспорт

Хууль, эрх зүй

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ: ҮЗЭХ
...
2.1. Дипломат гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:
2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
2.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.3. төрийн өндөр албан тушаалын ТӨ-IYА-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;
2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, түүний эхнэр/нөхөрт насан туршид, хүүхдэд 18 нас хүртэл, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.1.5. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарч байсан албан тушаалтан, түүний эхнэр/нөхөрт тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацаатай адил хугацаанд;
2.1.6. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
2.1.7. төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхөр;
2.1.8. хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны “Хүндэт дипломат” хүндэт тэмдгээр шагнуулсан ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.1.10. энэ журмын 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах төрийн тусгай хамгаалалтын алба хаагч.

2.2.Албан гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд энэ журмын 3.7-д заасан паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар уламжлан мэдүүлснээр олгоно:
(Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.2.1.төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.2.төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.3.шүүгч, прокурор;
2.2.4.сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;   
2.2.5.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;
2.2.6.төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.7.Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албаны дарга, ахлах ажилтан, ажилтан;
2.2.8.Монголбанкны ерөнхий менежер, газар, төв, хэлтэс, албаны дарга;
2.2.9.төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;
2.2.11.Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;
2.2.12.олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр,   18 хүртэлх насны хүүхэд;  
2.2.13.хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын  үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд; 
2.2.14.Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
2.2.15.Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;
2.2.16.Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;
2.2.17.Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.18.гадаад улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.19.Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.20.олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн (нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан);
2.2.21.Нийслэл хотын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад улсад суугаа төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.22.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 25.4-т заасныг баримтлан Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимп, паралимпын наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн;
2.2.23.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 21.6-д заасныг баримтлан дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор төрийн өмчит аж ахуйн нэгжийн болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр эрэмбэлэн зарладаг Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, гадаад харилцааны нэгжийн дарга болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдэд тэдгээрийг харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн;
2.2.24.энэ журмын 2.1.9-д зааснаас бусад дипломат цолтой ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр.


ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ШИНЭЭР МЭДҮҮЛЭХ ХУУДАС: ТАТАХ

Бүрдүүлсэн баримт бичгийг: Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний танхимаар авна.
Баримт бичгийг хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-12:00, 14:00-17:00 цагт  хүлээн авна. Утас: /Гар утаснаас 51+/ 262029
- Дипломат, албан паспорт мэдүүлэх баримт бичгийг урьдчилан шалгуулсны дараа төлбөрөө төлнө үү. Паспорт олгохоос татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу. Төлбөрөө Консулын газрын үйлчилгээний танхимд байрлах “Гэрэгэ Киоск” машинаар төлбөр хийх боломжтой.

ЗАРИМ ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ /2020-10-16/

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсэг, тус тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 1.5, 1.6 дахь хэсгийг үндэслэн 2013.10.01-ний өдрөөс 2020.01.01-ний хооронд олгосон бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон, гар аргаар сунгалт хийсэн, сунгалтын хуудастай буюу цахим бус нийт 6669 паспорт /энгийн дипломат -862, энгийн албан – 5807/-ыг хүчингүй болгов.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 4 удаагийн тушаал, шийдвэрээр 7371 дипломат, албан паспортыг тус тус хүчингүй болгоод байна.

Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой. Жагсаалт үзэх