БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих, эсхүл дамжин өнгөрөх тохиолдолд тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлж, авах боломжтой болоод байна.

Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр (Visa on Arrival) виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмснээр манай иргэд өмнө нь 150 ам.доллараар мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны /30 хүртэл хоног байх/ аялал жуулчлалын визийг 35 ам.доллараар мэдүүлж, авах боломжтой болсон тул иргэд Та бүхэн Бүгд Найрамдах Индонез Улсад зорчихдоо тус улсын хууль, дүрмийг чанд сахиж, визийн хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг зөвлөж байна.  

Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлж авахад тавигдах шаардлага:

- Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх;

- Буцах нислэгийн тийзтэй байх;

- Бүгд Найрамдах Индонез Улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, гаалийн мэдүүлгийг цахимаар бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас, эсхүл цаасан хэлбэрээр татан авч, хилийн холбогдох ажилтанд үзүүлэх, эдгээр болно.

Дээр дурдсан аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих, эсхүл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд Бүгд Найрамдах Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахим хэлбэрээр мэдүүлнэ.